2026-06-03
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Төв банкнуудын бодлогын хүлээлт ба макро эдийн засгийн үзүүлэлтүүд

2026 оны 5-р сарын 27-ноос 6-р сарын 3-ны өдрүүдэд дэлхийн санхүүгийн зах зээлүүд голлох эдийн засгуудын макро үзүүлэлтүүд, инфляцийн төлөв болон төв банкнуудын мөнгөний бодлогын шийдвэртэй холбоотой хүлээлтийн нөлөөн дор өндөр хэлбэлзэлтэй арилжаалагдлаа. Хөрөнгө оруулагчид бодлогын хүүгийн ирээдүйн төлөвийг үнэлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээл болон инфляцийн динамикийг анхааралтай ажиглаж байна.
АНУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд дэлхийн санхүүгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн хүчин зүйл хэвээр байна.
Холбооны Нөөцийн Сангийн инфляцийн гол хэмжүүр болох Хэрэглээний суурь зарлагын индекс (Core PCE) зах зээлийн хүлээлттэй нийцсэн үзүүлэлттэй гарсан ч инфляци зорилтот 2 хувийн түвшин рүү буурах явц удааширч буй шинж тэмдэг ажиглагдсаар байна. Үүний үр дүнд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өндөр түвшинд илүү удаан хугацаанд хадгалах магадлал нэмэгдэж, ам.долларын индекс (DXY) бусад голлох валютуудын эсрэг харьцангуй хүчтэй байр сууриа хадгаллаа.
Зургадугаар сарын эхний Баасан гарагт танилцуулагдах Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тайлан (NFP)-ийн өмнө зах зээл хүлээлтийн төлөвт шилжиж, арилжааны идэвхжил харьцангуй буурсан байна. Энэхүү үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Сангийн дараагийн бодлогын шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг.
2. Евро бүс ба Их Британи: Мөнгөний бодлогын ялгаа ба инфляцийн төлөв
Европын бүс нутгийн төв банкнуудын бодлогын дараагийн алхмууд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна.
Их Британийн хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн идэвхжлийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой хэвээр байгаа нь Английн Банкинд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх боломж олгож байна. Хэдийгээр улс төрийн тодорхойгүй байдал фунт стерлингийн ханшид богино хугацааны дарамт учруулж байгаа ч тус улсын эдийн засаг Европын олон оронтой харьцуулахад илүү тогтвортой хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
3. Япон ба БНХАУ: Валютын дарамт ба үйлдвэрлэлийн идэвхжил
Азийн бүсийн зах зээлд Японы иений ханш болон БНХАУ-ын аж үйлдвэрийн үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээр байна.
Японы Төв Банк мөнгөний зөөлөн бодлогоо хадгалсаар байгаа нь иений ханшийг ам.долларын эсрэг сул түвшинд тогтоон барьж байна. Үүнтэй холбоотойгоор Японы эрх баригчид валютын зах зээлд дахин шууд оролцож, ханшийн огцом сулралыг тогтворжуулах арга хэмжээ авах магадлалын талаарх хүлээлт зах зээлд өндөр хэвээр байна.
БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжлийг хэмждэг PMI индекс хүлээлтээс доогуур гарсан нь аж үйлдвэрийн металлуудын үнэд дарамт үзүүлэв. Ялангуяа зэс болон үйлдвэрлэлийн зориулалттай бусад металлуудын ханш техникийн залруулга хийхэд хүрсэн байна. Нөгөө талаас Хятадын эрэлтийн өсөлт саарсан төлөв болон ОПЕК+ бүлгийн шийдвэрийн хүлээлтийн нөлөөгөөр Brent төрлийн газрын тосны үнэ баррель тутамдаа 80–84 ам.долларын хүрээнд тогтворжив.
Дүгнэлт:
Дэлхийн санхүүгийн зах зээлүүд Холбооны Нөөцийн Сан (Fed) болон Европын Төв Банк (ECB)-ны удахгүй болох мөнгөний бодлогын хурлуудыг угтан хүлээлтийн төлөвт шилжээд байна. Инфляцийн дарамт бүрэн саараагүй хэвээр байгаа нь валютын зах зээл дэх хэлбэлзлийг өндөр түвшинд хадгалж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлийн удирдлагад илүү анхаарал хандуулахад хүргэж байна. Цаашдын зах зээлийн хөдөлгөөн нь инфляци, хөдөлмөрийн зах зээл болон төв банкнуудын бодлогын дохионоос ихээхэн хамаарах төлөвтэй байна.

2026-05-27
Дэлхийн санхүүгийн тойм: Геополитикийн "тайвшрал" ба инфляцын савлагаа
Дэлхийн валютын болон түүхий эдийн зах зээл сүүлийн өдрүүдэд макро эдийн засгийн гэнэтийн өөрч....

2026-05-20
Дэлхийн санхүү, геополитикийн шинэ эргэлт: К.Уорш Fed-ийн даргаар томилогдож, Д.Трамп Бээжинд хэлэлцээ хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа хүрээнд БНХАУ-д хийх анхны....

2026-05-12
FED-ийн удирдлагын өөрчлөлт ба “Higher for Longer” бодлого
....

2026-04-29
Бүс нутгийн тогтворгүй байдал ба төв банкуудын “хүлээлтийн” тактик
....

2026-04-21
Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”
2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө ....