АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо.

2026-04-14

4

2026 оны 4-р сарын дунд үе буюу энэ долоо хоногт дэлхийн санхүү болон түүхий эдийн зах зээлд АНУ болон Ираны хоорондын хурцадмал харилцаа, түүнтэй зэрэгцэн үүссэн дипломат хүлээлтүүд давхар нөлөөлснөөр газрын тосны үнэ огцом өсөлт, бууралтыг ээлжлэн үзүүлсэн өндөр хэлбэлзэлтэй нөхцөл байдал ажиглагдаж байна.

2026 оны 4-р сарын 13-ны өдөр АНУ-аас Ираны боомтуудыг чиглэсэн тэнгисийн хориг арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн гол үйл явдал болов. Тус хоригийн хүрээнд Ираны боомтууд руу чиглэсэн болон тэндээс гарах хөлөг онгоцнуудыг шалгах, саатуулах, нэвтрэхийг хориглох боломж бүрдсэн нь Ираны газрын тосны экспортод шууд нөлөөлөх стратегийн ач холбогдолтой алхамд тооцогдож байна. Иран улс өдөрт дунджаар 2 сая баррель газрын тос экспортолдог тул энэхүү нийлүүлэлт тасалдах эрсдэл нь дэлхийн зах зээлд хомсдол үүсэх хүлээлтийг бий болгож, нефтийн үнийн өсөлтийн дарамтыг эрс нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ инфляцын дарамт дахин нэмэгдэх магадлал өсөж, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, алт зэрэг “аюулгүй хөрөнгө”-д төвлөрөх урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн Персийн булан болон Hormuz хоолойн бүсэд хурцадмал байдал даамжрах эрсдэл нь зах зээлийн анхаарлын төвд хэвээр байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь тус хоолойгоор дамжин өнгөрдөг тул аливаа саатал нь нийлүүлэлтийн огцом тасалдал, үнийн хүчтэй өсөлтөд хүргэх эрсдэлтэй хэвээр байна. АНУ-ын зүгээс цэргийн хариу арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй бол Иран улс уг хоригийг хууль бус хэмээн мэдэгдэж, хариу арга хэмжээ авах байр сууриа илэрхийлсэн нь геополитикийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлэв.

Гэсэн хэдий ч дээрх хурцадмал байдлын дараагаар зах зээлд тодорхой хэмжээний тогтворжилтын шинж ажиглагдаж эхэлсэн нь АНУ болон Ираны хооронд хэлэлцээ дахин үргэлжлэх боломжтой талаарх мэдээлэл, мөн гуравдагч талуудын оролдлоготой холбоотой байв. Энэхүү мэдээлэл нь зах зээлийн сэтгэлзүйг тодорхой хэмжээнд тайвшруулж, өмнө нь огцом өсөөд байсан газрын тосны үнэ богино хугацаанд буурах хөдөлгөөн үзүүлэхэд нөлөөлсөн. Даваа гарагт зах зээл нээгдэх үед Brent болон WTI төрлийн газрын тосны үнэ баррель тутамд $104 түвшнээс $97–$98 орчимд буурсан нь нийлүүлэлтийн хомсдол урт хугацаанд үргэлжлэхгүй байж болзошгүй гэсэн хүлээлттэй шууд холбоотой байв.

Иймд одоогийн байдлаар газрын тосны үнийн бууралт нь суурь нөхцөл сайжирсантай холбоотой гэхээс илүүтэйгээр ирээдүйд нөхцөл байдал зөөлрөх боломжтой гэсэн хүлээлтээс үүдэлтэй түр зуурын засвар хөдөлгөөн (correction) байх гэж үзэх боломжтой байна. Бодит нөхцөл байдлын хувьд АНУ-ын хоригийн нөлөөгөөр зах зээлээс өдөрт хэдэн сая баррель нийлүүлэлт тасалдах эрсдэл хэвээр байгаа бөгөөд хэрэв хориг удаан үргэлжилбэл нийлүүлэлтийн хомсдол дахин үнийн өсөлтийг өдөөх суурь хүчин зүйл хэвээр үлдэх төлөвтэй.

Энэхүү нөхцөл байдал нь форекс болон бусад санхүүгийн зах зээлд шууд нөлөө үзүүлж байгаа бөгөөд Нефтийн үнийн өсөлтийн хүлээлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, улмаар АНУ-ын мөнгөний бодлогын чиглэлд тодорхойгүй байдал үүсгэж байгаа бол мөн алтны ханшид өсөлтийн дарамт бий болголоо. Гэсэн хэдий ч даваа гарагт алтны үнэ $4749.68 орчмоос $4647.31 хүртэл огцом буурсан нь зах зээлд богино хугацааны засвар хөдөлгөөн давамгайлж байгааг илтгэн хөрөнгийн зах зээлд эрсдэл нэмэгдэж, валютын зах зээлд мэдээ дагасан савлагаа огцом нэмэгдэх хандлага ерөнхий ажиглагдлаа.

Дүгнэж хэлбэл, АНУ–Ираны нөхцөл байдал нь зах зээлд хоёр чиглэлийн нөлөөг зэрэг үүсгэж байна. Нэг талаас хориг арга хэмжээ болон цэргийн эрсдэл нь газрын тосны үнийн өсөлтийн суурь хүчин зүйл болж байгаа бол нөгөө талаас дипломат шийдэлд хүрэх боломжийн талаарх эерэг дохио нь үнийн богино хугацааны бууралтын хөдөлгөөнийг дэмжиж байна. Иймээс цаашдын зах зээлийн чиг хандлага нь бодит хэлэлцээ үр дүнд хүрэх эсэх, мөн бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамаарах төлөвтэй байна.

Ижил төстэй блог

АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо. | My Blog