Геополитик ба инфляцын дарамт: Зах зээлд өндөр хэлбэлзэл давамгайлж байна.

2026-04-07

k

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн үнийн өсөлт болон АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүдтэй холбоотой хүлээлтүүд давхцан нөлөөлсний үр дүнд тодорхой чиглэл бүхий тогтвортой трендээс илүүтэйгээр мэдээ дагасан өндөр хэлбэлзэл давамгайлсан долоо хоног болж өнгөрлөө.

Ялангуяа АНУ болон Иран хоорондын улс төрийн мэдэгдлүүд ширүүссэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэлийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлж, WTI нефтийн үнэ долоо хоногийн эхэнд ~$100 орчим байсан түвшнээс ~$115 хүртэл өсөхөд хүргэсэн байна. Энэхүү өсөлт нь инфляц дахин нэмэгдэх магадлалтай гэсэн хүлээлтийг зах зээлд бий болгож, улмаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүү бууруулах хугацаагаа хойшлуулж болзошгүй гэсэн хандлагыг нэмэгдүүллээ.

Үүний нөлөөгөөр ам.долларын индекс (DXY) 99.3–100.5 хооронд хэлбэлзэж, тодорхой хэмжээнд дэмжлэг авсан хэдий ч тогтвортой өсөлт үзүүлж чадсангүй. Учир нь өмнөх саруудад инфляцын үзүүлэлтүүд харьцангуй сул гарч байсан бөгөөд энэ долоо хоногт танилцуулагдах Хэрэглээний үнийн индекс (CPI) болон Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP)-ийн мэдээнүүд зах зээлийн дараагийн чиглэлийг тодорхойлох гол үзүүлэлт болж байгаатай холбоотойгоор зах зээл хүлээлтийн байр суурь баримталж, ам.долларын хөдөлгөөн тодорхой хүрээнд хэлбэлзсэн хэвээр байна.

Үүнтэй зэрэгцэн геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр зах зээлд эрсдэлээс зайлсхийх risk-off хандлага идэвхжиж, safe-haven хослолуудын эрэлт өссөнөөр алт (XAUUSD)-ын үнэ ~$4,378 орчим түвшнээс ~$4,784 хүрч өссөн бөгөөд долоо хоногийн дотор 200–300 ам.долларын савлагаа үзүүлсэн нь зах зээлийн өндөр хэлбэлзэл үргэлжилж буйг илтгэж байна.

Форекс зах зээлд гол валютын хослолууд дараах хүрээнд хэлбэлзэв. EURUSD ханш 1.1420–1.1650 хооронд хэлбэлзсэн бол GBPUSD 1.3150–1.3300 хооронд савлаж, ам.долларын хөдөлгөөнтэй уялдсан хэлбэлзэл давамгайлсан байна. Харин USDJPY 159.50–160.00 орчимд өсөх хандлага ажиглагдсан ч Японы иенийн safe-haven урсгалын нөлөөгөөр тогтворгүй хэлбэлзэлтэй байлаа.

Мөн нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлттэй уялдан Канад доллар болон Австрали доллар зэрэг түүхий эдээс хамааралтай валютууд тодорхой дэмжлэг авсан бол Японы иен эрсдэлээс зайлсхийх урсгалын нөлөөгөөр хэсэгчлэн чангарсан хэдий ч ам.долларын тодорхойгүй хөдөлгөөнөөс шалтгаалан тогтвортой өсөлт үүсгэж чадсангүй. Евро валютын хувьд Европын эдийн засгийн өсөлт сул хэвээр байгаа нөхцөлд ам.долларын сулрал хангалттай хүчтэй байгаагүй тул өсөлт нь хязгаарлагдмал байв.

Энэ долоо хоногт зах зээл голчлон АНУ-ын инфляц (CPI) болон эдийн засгийн өсөлтийн (GDP) бодит үзүүлэлтүүдээс шууд хамаарах төлөвтэй байна. Хэрэв инфляц хүлээлтээс сул гарвал ам.доллар сулрах, улмаар XAUUSD болон эрсдэлтэй хослолуудад өсөлт давамгайлах магадлалтай. Харин инфляц өндөр гарсан тохиолдолд ам.доллар чангарч, алтны ханш буурах дарамтад орох боломжтой юм. Түүнчлэн геополитикийн нөхцөл байдал үргэлжлэн хурцадсан хэвээр байвал safe-haven хослолуудын өсөлт цаашид үргэлжлэх хүлээлт хэвээр байна.

Иймд арилжаачид ойрын хугацаанд эдийн засгийн өндөр нөлөө бүхий мэдээнүүд болон геополитикийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, эрсдэлийн удирдлагаа чанд баримтлан, стратегиа уян хатан төлөвлөхийг зөвлөж байна.

Ижил төстэй блог